Есүс Ариун Сүнсээр дүүрч Иорданаас буцаж цөлд [Ариун] Сүнсээр [дамжуулан] хөтлөгдөн, дөчин өдрийн турш диаволд соригджээ (ядарч, туйлын ихээр соригдож). – Лук 4:1-2
Өнөөдрийн эшлэлээс харахад Есүс Ариун Сүнсний баптисм хүртсэнийхээ дараа тэр даруйдаа Ариун Сүнсээр хөтлөгдөн цөлд ирж, дөчин өдрийн турш өдөр шөнөгүй диаволд соригдсон талаар бид суралцдаг. Магадгүй тэр нь үнэхээр хэцүү байсан хэдий ч Есүс Сүнсний удирдамжийг тэр даруйдаа дуулгавартай дагасан. Хэдийгээр Тэр хэцүү бэрхшээлтэй нүүр тулгарсан ч эцэстээ Түүний сайн сайхны төлөө ажиллах болно гэдгийг Тэр мэдэж байсан тул Ариун Сүнсэнд итгэсэн юм.
Цөлд дөчин хоног соригдсоныхоо төгсгөлд нь Есүс Өөрийнхөө олон түмний үйлчлэлийг эхэлсэн бөгөөд бид үүнийг нь Лук 4:14-өөс харж болно: “Есүс Сүнсний хүч дотор Галилд буцаж ирэв. Түүний тухай зар эргэн тойрон дахь газар тархсан байлаа”. Есүс зөвхөн хүч чадал, алдар нэрийн төлөө Ариун Сүнсний удирдамжийг дагахад бэлэн байгаагүй, Тэр бас бэрхшээлтэй мөчүүд, шүүлт болон соригдох цаг мөчүүдийн төлөө Түүнийг дагахад бэлэн байсан юм.
Хэцүү цаг мөчүүдэд Бурханыг дуулгавартай дагах нь бурханлаг зан чанарыг хөгжүүлэхэд тусалдаг. Есүс бидэнд өөрийг нь дагах ёстой үлгэр жишээг үзүүлсэн юм. Хүнд хэцүү мөчүүдэд Ариун Сүнсний удирдамжийг дагах нь бидний дотор итгэмжит, тууштай байдал болон хүчийг бий болгодог. Эдгээр зан чанаруудыг бидэнд байгаасай гэж Бурхан хүсдэг.
Бидний амьдралд Түүний төлөвлөгөө биелэхэд туслахын тулд Бурхан Ариун Сүнсийг бидэнд өгдөг. Заримдаа Бурханы төлөвлөсөн зүйлийг хийхийн тулд өөрсдөд минь хэрэгтэй зан чанарыг бид хөгжүүлж, хэцүү бэрхшээлүүдтэйгээ нүүр тулах ёстой. Бид ямарваа зүйлтэй нүүр тулахдаа бэрхшээлтэй эсвэл сайн сайхан цаг мөчүүддээ ч ганцаараа байдаггүй гэдгээ үргэлж санаж байх ёстой. Ариун Сүнс бидэнд туслахын тулд үргэлж хамт байдаг бөгөөд Түүний арга замууд нь үргэлж хамгийн шилдэг нь байдаг.
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Хэцүү цаг мөчүүдээс бүү ай. Учир нь тэдгээр нь таныг илүү хүчтэй болгож өгөх нь гарцаагүй билээ.