Харагтун, Би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэгэн нь дууг минь сонсоод үүдээ нээвэл, Би дотогш түүн руу орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллоно [хооллох болно]. – Илчлэл 3:20
Миний амьдралд Ариун Сүнсний үйлчлэл бүрэн орж ирэхийн тулд би зүрх сэтгэлийн үүдээ нээх агшинд, Тэр амьдралын маань бүх л хэсгийн талаар надтай ярьж, тохиролцож эхэлсэн ба Түүний оролцоогүй зүйл гэж огт байхгүй болсон юм. Би үүнд нь дуртай боловч бас дургүй байсан бөгөөд энэ нь ямар утга учиртайг нь та мэдэж байгаа байх.
Би хүмүүстэй яаж ярьдаг, мөн тэдний талаар хэрхэн ярьдаг талаар минь Бурхан надтай ярьсан юм. Би мөнгөө хэрхэн зарцуулж, яаж хувцасладаг, хэн миний найз нөхөд байсан болон би өөрийгөө зугаацуулахын тулд юу хийдэг байсан талаар Тэр надтай ярьсан юм. Мөн Тэр миний бодол, хандлагуудын маань талаар надтай ярьсан юм. Миний хамгийн гүн дэх нууцыг минь Тэр мэддэг бөгөөд юуг ч Түүнээс нууж чадахгүй гэдгээ би ухаарсан юм. Тэрээр цаашид миний амьдралын зөвхөн “Бүтэн сайны өглөөний өрөө” байхаа больж, гэр орныг маань тэр чигээр нь хариуцаж байгаа мэт санагддаг болсон билээ! Миний амьдралд байгаа ямар нэгэн зүйлийн талаар Тэр надтай ярьж эхэлж магадгүй гэдгийг би огт мэддэггүй байв. Миний дээр дурдсан шиг энэ нь баярламаар зүйл байсан хэдий ч, бас амаргүй зүйл байв. Яагаад гэвэл Түүний надтай ярьж буй зүйлүүд миний амьдралд маш олон өөрчлөлтүүдийг авчирна гэдгийг би мэдэж байсан юм.
Бид бүгд л зарим нэг зүйлд өөрчлөлт гарахыг хүсэж байдаг хэдий ч, тэрхүү өөрчлөлт нь тохиолдож эхлэхэд, магадгүй энэ нь айдас хүргэмээр байж болдог. Бидний амьдралын хэв маяг биш ч, амьдрал маань өөрчлөгдөхийг бид байнга хүсэж байдаг. Магадгүй бид өөрсдийн амьдралд байгаа зүйлдээ дургүй байж болох ч, тэрхүү байдал нь өөр бусад сонголтуудаас арай дээр ч байж магадгүй гэж бид гайхшран боддог. Бид санаа зовж, тэр ч бүү хэл өөрсдийн амьдралаа захирч чадахаа болих байх гэж, мөн нүдээрээ харж чадахгүй Хэн Нэгэнд өөрсдийн амьдралаа захируулахыг зөвшөөрнө гэдгээс айдаг.
Тэр бидний амьдралд ажиллах зуур Бурханы дуу хоолойг сонсож, дуулгавартай дагах нь бид өөрсдийнхөө төлөө биш, Түүний таалал, алдрын төлөө амьдарна гэсэн утгатай юм. Бид өөрсдийн амьдралын бүх л хэсгийн үүд хаалгыг Түүнд нээж өгснөөр сэтгэл түгшмээр эсвэл болгоомжлох хэрэгтэй мэт санагдах зүйлгүй болж, ийнхүү үйлдэх нь үнэхээр ач тустай гэдгийг би баталж чадна.
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Та амьдралынхаа бүх л хэсэгт Бурханыг урь.