Энэ бол ЭЗЭНий бүтээсэн өдөр юм. Үүнд хөгжилдөн баярлацгаая. — Дуулал 118:24
Өдөр тутмын жирийн амьдрал дунд, бүр хамгийн муу муухай өдөр хүртэл, Бурхан биднийг баяр хөөртэй байхыг хүсдэг.
Өдөр бүрийг зүрх алдан эхлүүлэх үе миний амьдралд байсан. Дэйв бид хоёр нэхэмжлэгдсэн төлбөрөө хэрхэн барагдуулах эсвэл хэрэгцээтэй бүхнээ яаж олж авахаа мэдэхгүй гайхширч, энэ мэтийн нөхцөл байдлаас өөр юуг ч бодох сэхээгүй байлаа. Заримдаа би зүгээр л хөнжлөө толгой дээгүүрээ бүтээгээд орондоо хэвтээд л баймаар байсан.
Бурхан шинэ өдрийг бүтээж, намайг үүнд нь баярлуулахын тулд энэ өдрийг надад өгснийг ойлгох тэнхээгүй болтлоо би санаа зовнилдоо хэт автсан байжээ.
Шинэ өдөр бүр таны сэтгэлийг гонсойлгох есөн шидийн нөхцөл байдлаар дүүрэн байж болно. Түлхүүрээ хаях, замын түгжрээнд орох юм уу өөр юу ч байж болно. Харин та амар тайвнаа алдалгүй, энэ бүхний дунд нөхцөл байдлыг хяналтандаа байлгахыг сонгож болно.
Бид оюун санаагаа өөрөөсөө болон нөхцөл байдлаас салгаж, анхаарлаа Бурхан болон бусдыг хайрлах дээр төвлөрүүлэх тохиолдолд үргэлж Түүнийг хүндлэх хандлагатай болж, өдөр бүрийг Бурханаас ирсэн сэтгэл догдлом шинэ бэлэг гэж харах чадвартай болно.
Залбирлын эхлэл
Бурхан минь, шинэ өдрийн бэлгийн төлөө Танд талархаж байна. Амьдралын урам хугармаар нөхцөл байдал дээр төвлөрөхийн оронд би Таны дотор амар амгалан байж, үүндээ баярлаж, сэтгэл хангалуун байхаар шийдэж байна!