Энэ шалтгааны улмаас, миний гар тавигдсанаар чамд буй [доторх гал] Бурханы бэлгийг [нигүүлслийн] сэргээхийг (цогийг сэргээж, галыг үлээж, асаасаар байхыг) чамд сануулъя. — 1 Тимот 1:6
Бурханы хайр ямар ч болзолгүй, мөнхийнх. Түүнийг анх надад хайраа илэрхийлэхэд нь би яаж алмайрч, сэтгэл догдолж байснаа санадаг. Би яг тэсрэх гэж байгаа юм шиг, ёстой л хагартлаа баярлана гээчийг мэдэрч байв!
Гэтэл хэсэг хугацааны дараа Бурханы надад хайртай гэдэгт нь дасаж, анхных шигээ халуун итгэл үнэмшлээр юманд хандаж, сэтгэл догдлохоо больсон. Би ер бусын баяр хөөрийн мэдрэмжээ алдсан. Энэ танд танил сонсогдож байна уу? Та ч гэсэн одоо тийм болсон байна уу? Хэрэв тийм бол таныг энэ тал дээр ямар нэг зүйл хийж чадна гэдэгт итгэлтэй байна.
Өөрийгөө зоригжуулж, өөрт нь нэгэнт өгөгдсөн галын дөлийг асааж бадраахыг Паул Тимотод хэлж байсан энэ захиасыг өнөөдөр Бурхан танд хэлж байна. Өөрийгөө зоригжуул! «Нөгөө л хуучин юм, нөгөө л нэг юм» гэдгээс залхаж амьдрахаа боль.
Бид нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Бид мэдэрч эхлэхээсээ өмнө амьдралд халуун, хүсэл тэмүүлэлтэйгээр хандах шийдвэр гаргадаг.
Тиймээс өнөөдрөөс эхлэн өглөө бүрийг өөрийн Бүтээгчтэй тогтоосон харилцаандаа баярлан сэрж байх шийдвэр гарга. Өөрийгөө зоригжуулж, Түүнийг бишрэн гайхаж амьдар!
Залбирлын эхлэл
Бурхан минь, би Таныг үргэлж гайхширч амьдрахыг хүсэж байна! Би энэ хүсэл тэмүүлэлгүйгээр амьдрахгүй гэж шийдвэр гаргалаа. Таныг таньж мэднэ гэдэг үнэхээр гайхамшигтай. Би яг одоо Тантай харилцах харилцаандаа халуун хүсэл тэмүүлэлтэй амьдрахаар шийдэж байна.