Давид цааш нь «Арслан, баавгайн савраас намайг аварсан Эзэн тэр филист хүний гараас ч намайг аварна гэв». Саул, Давидад «Явагтун, Эзэн чамтай хамт байх болтугай» гэж хэлэв. — 1 Самуел 17:37
Хямрал бэрхшээлийн үед Бурхан шийдвэрлэж чадахгүй юм шиг бодох амархан. Итгэлээ хүчирхэгжүүлэхийн тулд, Бурхан хүүхдүүдээ зовлон зүдгүүрээс нь чөлөөлсөн тухай Библийн дараах хэдэн түүхийг тунгаан бодоорой.
1 Самуел 17:37-д Бурхан түүнийг хэдийн арслан, баавгайн савраас аварч байсан учраас Давид Голиатыг дийлж чадна гэдгээ мэдэж байсан.
Даниел 3-р бүлэгт Шадрах, Мешах, Абеднего нар хиймэл шүтээнд бөхийж мөргөх хааны зарлигийг биелүүлэхээс татгалзаж, Бурханд үргэлжлүүлэн мөргөдөг. Үр дүнд нь тэднийг ердийнхөөс долоо дахин илүү их галласан зууханд хийв. Гэвч Бурхан хүнд хэцүү энэ сорилтоос тэднийг ямар ч утаа үнэртүүлэхгүйгээр бүрэн чөлөөлдөг! Тэр ч бүү хэл Бурхан тэдэнтэй хамт гал дундуур явж үзэгддэг шүү дээ!
Даниел ном нь Бурхан биднийг чөлөөлөх хүсэл ба чадварын бас нэг жишээ болдог. Бурханд хандан залбирсныхаа төлөө арслангийн нүхэнд хаягдсан Даниел нүхнээс ямар ч гэмтэл шархгүй гарч ирдэг. Гэтэл түүний дайснууд мөн адил зарлигаар шидэгдээд арсланд бариулж идүүлдэг (Даниел 6).
Дээрх хэдэн жишээний ерөнхий чиглэлийг анзаарсан уу? Бурханы хүмүүс Түүний хүслийг мэдэж, итгэлийн алхам хийхэд Бурхан хариулж, тэдэнд ялалтыг өгдөг. Тиймээс түүний чөлөөлөх хүч чадал таны асуудлаас илүү агуу гэдгийг өнөөдөр мэдэж аваарай.
Залбирлын эхлэл
Бурхан минь, Та Өөрийнхөө хүүхдүүдийг зовлон зүдгүүрээс нь ахин дахин чөлөөлдөг бөгөөд одоо ч тэгэхээ болиогүй гэдгийг би мэдлээ. Миний нөхцөл байдлыг шийдвэрлэхээс хавьгүй ихийг хийх хүч чадалтай Танд бүх итгэл, найдвараа тавьж байна.