Харин Үнэний Сүнс (Үнэнийг өгдөг Сүнс) ирэхдээ та нарыг бүхий л үнэн (тэр чигээрээ, бүхэл бүтэн Үнэн) өөд удирдана. – Иохан 16:13
Миний амьдралд олон бэрхшээлүүд тулгарч, үнэхээр аз жаргалгүй мэт амьдарч байсан. Үүнийгээ би олон жилийн турш бусад хүмүүсээс, өөрийнхөө нөхцөл байдлуудаас болж байна гэж буруутган бодож, сайн харилцаануудыг бий болгож, үргэлжлүүлэх нь надад үнэндээ хэцүү байдаг байсан. Амьдралд минь байгаа бусад бүх хүмүүс л өөрчлөгдчихвөл бидний хоорондох асуудал үгүй болно гэж би үнэхээр боддог байв. Тэр бүх асуудлууд нь надаас шалтгаалж байна гэж би хэзээ ч боддоггүй байв.
1976 оны нэг өдөр нөхрийг минь өөрчлөөч гэж намайг залбирахад Ариун Сүнс миний зүрх сэтгэлд ярьж эхэлсэн юм. Надаас бусад нь л асуудлын гол шалтгаан нь гэж итгүүлж байсан худал хуурмагийг Тэр зөөлнөөр хуулан авч хаясан нь намайг үнэхээр гайхшруулсан билээ. Ариун Сүнс надад бусадтай эвтэй байж чаддаггүйг, аз жаргалтай байлгахад боломжгүй, юманд шүүмжлэлтэй ханддаг, хувиа хичээсэн, бусдыг дарангуйлж, хянан захирдгийг маань гурван өдрийн турш илчилсэн бөгөөд эдгээр нь жагсаалтын зөвхөн эхлэл хэсэг нь байсан юм.
Энэхүү үнэнтэй нүүр тулах нь миний хувьд ёстой хэцүү байсан боловч Ариун Сүнсний өгсөн ивээлээр дамжуулан би амьдралд ирэх эдгэрэл, эрх чөлөөний аянгаа эхлүүлсэн юм. Өнөөдөр миний заадаг олон үнэн нь тэр цаг мөчөөс улбаатай. Сатан бол агуу хууран мэхлэгч, худал хуурмагийн эцэг билээ. Хэрэв тэр биднийг харанхуйд байлгаж чадвал хүлээс, боолчлол, цөхрөл гуниг дотор байлгасаар байх болно. Хэдийгээр үнэнтэй нүүр тулна гэдэг нь хэцүү зүйл ч гэсэн өсөн дэвших, эрх чөлөөтэй болоход чухал зүйл юм.
Өнөөдрийн эшлэлд Ариун Сүнс бол Үнэний Сүнс бөгөөд Тэр бидэнтэй ярьж, биднийг үнэн рүү удирдах болно гэж Есүс хэлсэн.
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Таны амьдралд ямар нэгэн хууран мэхлэгдсэн хэсэг байгааг илчилж өгөхийг Ариун Сүнснээс гуй.